Монгол Улсын үндсэн хууль, Боловсролын тухай хуулиар оюутанд олгогдсон нийгэм эдийн засгийн эрхийг хамгаалах, суралцах боломжийг хангах, үзэл бодлоо илэрхийлэх, бие даан хөгжих, нийгэмшихэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн цогц үйл ажиллагаа явуулдаг.Сургалтын үйл ажиллагаагаа Монгол Улсын боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журам болон ДаДэС-ийн дотоод дүрэм, журмыг үндэслэн зохион байгуулдаг.
Оюутанд үзүүлэх үйлчилгээг сургалттай холбоотой үйлчилгээ, мэдээллийн үйлчилгээ, санхүүгийн үйлчилгээ, оюутны байгууллагын үйл ажиллагаагаар дамжуулах үйлчилгээ гэж ангилдаг. ДаДэС-ийн удирдлагын зүгээс оюутны сэтгэл зүйн төлөвшил, бие бялдрын хөгжил, мэргэжлийн өсөлтөнд байнга анхаардаг.
Үүнд:
Оюутанд үзүүлэх үйлчилгээг өргөтгөх, чанарыг дээшлүүлэх талаар доорх чиглэлүүдийг гарган ажиллаж байна.
Сургуулийн Удирдах зөвлөлд оюутны төлөөллийг оруулж түүгээр дамжуулан оюутны байгууллага, анги хамт олны зүгээс оруулах асуудлыг шийдвэрлэж байна;
Оюутны дунд урлаг уран сайхан, спортын олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж санхүүжүүлж дэмжих хэлбэрээр явуулж ирлээ;
Оюутныг эрдэм шинжилгээ судалгааны ажилд өргөн оролцуулж илтгэл бичиж хэлэлцүүлэх, диплом хамгаалуулах судалгааны ажилд эрдэмтэн багш нар зөвлөн туслах үйл ажиллагааг нь өргөжүүлж байна;
Оюутнуудад ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээг сургалтын алба, мэргэжлийн тэнхимүүдээр дамжуулан үзүүлдэг;
ДаДэС-ийн Эрдмийн зөвлөл, салбар тэнхимийн дэргэдэх клубууд, Оюутны зөвлөлтэй хамтарч, оюутны эрдэм шинжилгээ онол практикийн бага хурлыг жилд 2-3 удаа зохион байгуулдаг. Тухайлбал, Сурган сэтгэл судлалын тэнхимийн дэргэдэх "Судлаач оюутан" клубээс санаачлан "Дархан Ус суваг" ТӨХК-тай хамтран "Тогтвортой хөгжлийн боловсрол" сэдвийн хүрээнд оюутны эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулаад байна. Зохион байгуулагдаг тус хуралд Дархан-Уул аймгийн 10-аад их дээд сургуулиудаас 30 гаруй оюутан илтгэл хэлэлцүүлдэг нь оюутны судалгаа шинжилгээний ажил хийх сонирхол нэмэгдэж, ур чадвар сайжирч байгааг харуулж байна.
Багш, бага боловсрол хөтөлбөрөөр суралцагч оюутнуудын дунд "Багшлахуйн ур чадвар”-ын олимпиадыг жил бүр зохион байгуулж шалгарсан багийг МУБИС-иас зохион байгуулдаг багш бэлтгэдэг 10 гаруй их дээд сургуулиудын дунд явагддаг "Багшлахуйн ур чадвар"-ын үндэсний хэмжээний олимпиадад оролцож ДаДэС-ийн "Нэгдмэл" баг тогтмол эхний байруудыг эзэлж байгаа нь манай төгсөгчдийн мэдлэг, ур чадварын түвшинд сайнаар нөлөөлж, төгсөөд ажлын байртай болоход түлхэц болдог.
Оюутны үйлчилгээний хүртээмж, чанарын талаар судалгааг жил бүр авч үр дүнд дүн шинжилгээ хийж ажиллаж байна.
ДАДЛАГА
ДаДэС-ийн оюутан суралцагчид суралцах хугацаандаа 3 төрлийн дадлага хийж гүйцэтгэж байна. Дадлагыг Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газар, төр захиргааны байгууллага, ерөнхий боловсролын сургуулиуд, банкны салбар, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд зэрэг газруудтай хамтран гэрээ байгуулж ажиллаж байна.
СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ДаДэС-ийн бүх суралцагчид, багш, ажилтан, албан хаагчдад зориулан Бага боловсролын арга зүйн тэнхимийн багш, сэтгэл судлаач нар сэтгэл зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгдөг.
Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэл: /Стресс тайлах, харилцаа, ажил мэргэжлийн, зан үйлийг өөрчлөх гэх мэт. /
МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
ДаДэС-ийн хичээлийн болон оюутны байранд интернэт мэдээллийн төв ажиллуулж, улс орны болон олон улсын мэдээлэл авах өргөн боломжоор хангадаг.
Сургуулийн үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг дотоод сүлжээгээр дамжуулан явуулахаас гадна урсдаг зараар тогтмол хүргэдэг
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ОЮУТАНД ЧИГЛЭСЭН ҮЙЛЧИЛГЭЭ
ДаДэс нь Нийгмийн халамжийн төвтэй хамтран оюутнуудын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад ээлтэй, дэд бүтэц хүртээмжтэй орчинг бүрдүүлсэн сургууль болох зорилт тавин ажиллаж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Хичээлийн жилийн эхэнд сургуулийн эмч оюутнуудын эрүүл мэндийн даатгалыг баталгаажуулсанаар оюутнууд эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлдэг. Сургуулийн эмч үндсэн орон тоогоор ажилладаг ба багш, ажилчид, оюутнуудыг эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлж, сургалт, сурталчилгаа хийхээс гадна, Өрхийн эрүүл мэндийн "ГОСХОТ" төв, эрүүл мэндийн I, II төвтэй хамтарч урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаг.